Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт


1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж


2.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай, Арбитрын тухай, Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ


3.1.Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно.

3.3.Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болно.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

3.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.6.Арбитр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулах эсэхийг журмаараа тогтоож болно.


4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт


4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг;

4.1.2."талууд” гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг;

/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.3."эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;

4.1.4."эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

 

5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим


5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;

5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;

5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;

5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.


6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал


6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

6.2.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.

6.4.Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.


7 дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч


7.1.Анхан шатны шүүх дээр орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар хариуцаж, холбогдох төсвийг тухайн шүүхийн төсвөөс гаргана.


8 дугаар зүйл.Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч


8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна.


9 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага


9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:

9.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;

9.1.2.дээд боловсролтой байх;

9.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх;

9.1.4.эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх;

9.1.5.ял шийтгэлгүй байх.

9.2.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.


10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл


10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл” гэх/ -ийг байгуулна.

10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.


11 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх


11.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;

11.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох;

11.1.4.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулах;

11.1.5.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох, нэрсийн жагсаалтаас хасах;

11.1.6.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.

11.2.Зөвлөл нь зуучлагчийн нэрсийг анхан шатны шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд санал болгоно.

11.3.Зөвлөлийн санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, тэднийг холбогдох журмын дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж ажиллана.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

 

12 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч


12.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр ба, түүнээс дээш тал, нэг буюу хэд хэдэн зуучлагч оролцож болно.

12.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

12.4.Хуульд өөрөөр заагаагүй бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч болон бусад этгээдийн туслалцаа авч болно.


13 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг


13.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах эрх эдэлнэ:

13.1.1.эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах;

13.1.2.тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгох, эвлэрэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзах, хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;

13.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг зөвшөөрөх, татгалзах, сонгох талаар хүсэлт гаргах;

13.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга, хэлбэрийг сонгох, уг ажиллагаанд байр сууриа тодорхойлох, хамгаалах, мэдээлэл авах, маргаанд холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх, маргааныг зохицуулах тохиролцооны нөхцөлийг үнэлэх;

13.1.5.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл явц, түүний үр дагавар, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;

13.1.6.эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;

13.1.7.эвлэрүүлэн зуучлалын аль ч үед уг ажиллагаанаас татгалзах;

13.1.8.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах;

13.1.9.эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тохиолдолд, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

13.1.10.хуульд заасан бусад эрх.

13.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар гүйцэтгэх;

13.2.2.энэ хуульд заасан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, ажлын хөлс, зайлшгүй зардлыг хариуцах;

13.2.3.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох, эвлэрүүлэн зуучлагчийн дуудлага, товлосон уулзалтад хүрэлцэн ирэх;

13.2.4.хуульд заасан бусад үүрэг.


14 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг


14.1.Эвлэрүүлэн зуучлагч дараах эрх эдэлнэ:

14.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагч маргааны шинж байдлаас шалтгаалан талуудтай харилцан тохиролцож ажлын хөлс авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг төлүүлэх;

14.1.2.нууцлалыг хадгалах зарчмыг баримтлан үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэх;

14.1.3.энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөн эвлэрүүлэн зуучлах үйл явцыг зохион байгуулахдаа өөрийн арга, хэлбэрийг сонгон хэрэглэх, маргааныг шийдвэрлэх талаар талуудад амаар болон бичгээр зөвлөмж өгөх;

14.1.4.эвлэрүүлэн зуучлалд идэвхтэй оролцохыг талуудаас шаардах, талуудыг ганцаарчилсан болон хамтарсан уулзалтад дуудан ирүүлэх;

14.1.5. маргааныг шийдвэрлэх хувилбарыг талуудад санал болгох;

14.1.6.хуульд заасан бусад эрх.

14.2.Эвлэрүүлэн зуучлагч дараах үүрэг хүлээнэ:

14.2.1.хууль тогтоомжид заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд түүнээс татгалзах;

14.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын аль алины эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах;

14.2.3.талуудад эвлэрүүлэн зуучлалын үйл явц, түүний зорилго, үр дагаврын талаар мэдээлэл өгөх;

14.2.4.маргаанд ямар нэг хувийн ашиг сонирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах;

14.2.5.эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих;

14.2.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудаас итгэмжлэн өгсөн баримт сэлтийг буцааж өгөх;

14.2.7.талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байх;

14.2.8.хэлэлцэж байгаа асуудал бүрд талуудын хүсэлтийг бататгаж, харилцан буулт хийх нөхцөлийг бүрдүүлэх;

14.2.9.эвлэрүүлэн зуучлалын үйл явцын талаар тэмдэглэл хөтлөх, талуудад асуулт тавих, тайлбарыг баримтжуулах;

14.2.10.хуульд заасан бусад үүрэг.


15 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өмгөөлөгч оролцох


15.1.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох тохиолдолд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх тохиролцооны нөхцөл болон үр дагаврын талаар түүнд тайлбарлах үүрэгтэй.

15.2.Өмгөөлөгч мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч бол өөрийн явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч аль нэг талд хожим тухайн асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх буюу аль нэг талын өмгөөлөгчөөр оролцох, эсхүл урьд өмнө өмгөөлөгчөөр оролцож байсан хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахыг хориглоно.

15.3.Талуудын хүсэлтээр өмгөөлөгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, талууд эвлэрэхэд саад учруулахыг хориглоно.


16 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гуравдагч этгээд оролцох


16.1.Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдөхөөр бол гуравдагч этгээдийг өөрийнх нь, түүнчлэн зуучлагч болон талуудын хүсэлт, зөвшөөрлөөр уг ажиллагаанд оролцуулж болно.

16.2.Талуудын хүсэлтээр тэдний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн болон холбогдох бусад этгээдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулж болно.


17 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргах


17.1.Талууд дангаар, эсхүл харилцан тохиролцсоноор эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргаж болно. Шүүхэд иргэний хэрэг, маргаан үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргасан бол энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

17.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зарчмын дагуу хэрэгжүүлэхэд саад болох аливаа нөхцөл байдал бий болсон тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч уг ажиллагаанаас нэн даруй татгалзан гарах үүрэгтэй.

17.3.Энэ хуулийн 17.4-т зааснаас гадна эвлэрүүлэн зуучлагч өөрийн хүчин зүтгэлээр талуудыг эвлэрэлд хүргэж чадахгүй гэж үзсэн бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах, эсхүл талуудын санал, зөвшөөрлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох эрхтэй.

17.4.Эвлэрүүлэн зуучлагч нь талуудын аль нэгтэй гэр бүлийн, төрөл, садангийн холбоотой, эсхүл аль нэг талд хууль зүйн зөвлөгөө өгсөн, нууц задруулсан, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол талууд эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргах эрхтэй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

18 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нийтлэг үндэслэл


18.1.Талууд эсрэг талдаа мэдэгдэхгүйгээр зуучлагчтай уулзах, тухайн маргаанд өмгөөлөгчөөр ажиллах талаар эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт, шаардлага тавих зэрэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр суурийг алдагдахуйц үйлдэл хийхийг хориглоно.

18.2.Эвлэрүүлэн зуучлагч өөрийн ажил үүргийн хүрээнд олж авсан мэдээллийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулж үл болно.

18.3.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж авсан баримт сэлтийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

18.4.Хуульд зааснаас бусад тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ил болсон мэдээллийг талуудын зөвшөөрөлгүй бусдад задруулсан этгээд энэ хуульд заасан хариуцлага хүлээнэ.

18.5.Талууд эвлэрүүлэн зуучлалыг сонгосон, уг ажиллагаанд оролцсон байдал нь шүүхээс Иргэний хуулийн 79.1, 82.4-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсхүл уг хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болно.

18.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах газар


19.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг уг ажиллагааны хаалттай явагдах зарчмыг хангах боломжтой зориулалтын танхим, эсхүл талуудын тохиролцсон бусад газарт явуулна.

20 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хугацаа


20.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.

20.2.Энэ хуулийн 30.1-д заасны дагуу явуулах эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасан хугацааны дотор явуулна.

21 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нөхцөл


21.1.Талууд энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр уг ажиллагаа эхэлнэ.

21.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талууд оролцуулахыг зөвшөөрснөөс бусад этгээдийн хувьд хаалттай явагдана.

21.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудыг албадах, тэдгээрт дарамт, шахалт үзүүлэх зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

21.4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчид уг ажиллагааны явцад олж авсан мэдээллийг мэдээлэл гаргагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

21.5.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагч нь талууд болон холбогдох этгээдийг гэрийн хаяг, шуудангийн хаягийн дагуу мэдэгдэх хуудсаар, эсхүл утсаар дуудаж ирүүлнэ.

21.6.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу талууд болон холбогдох этгээдийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж ирүүлнэ.


22 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах


22.1.Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.

22.2.Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.

22.3.Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.

23 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох


23.1.Талууд нэг ажиллагаанд нэг, эсхүл хэд хэдэн эвлэрүүлэн зуучлагчийг сонгож болно.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хэд хэдэн эвлэрүүлэн зуучлагч сонгосон бол зуучлагчид дотроосоо ахлах зуучлагчийг сонгоно.

23.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ачаалал нэмэгдсэн, тусгай мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч шаардлагатай болсон, эсхүл талууд өөр эвлэрүүлэн зуучлагч сонгосон тохиолдолд тухайн маргаанд орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулна.


24 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр


24.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.

24.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.

24.3.Нэг уулзалтын хугацаа нь талуудын

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Copyright © 2014 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Хаяг: Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 баг, Шүүхийн Тамгын газар
Утас: 70422416 Факс: 70422416 Веб сайт: www.courtbu.mn И-мэйл: bayan-ulgii_tg@shuukh.mn

  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031